“Монгол Даатгал” ХКомпанийн Эрсдэлийн шинжээч, актуарч М.Маргад-Эрдэнийн харилцагчиддаа өгсөн зөвлөгөө, мэдээллээс хүргэе.


Актуарч нь Монгол улсад цөөн байдаг мэргэжилтэн билээ. Иймээс энэ мэргэжлийн талаар ярьж өгнө үү?

Актуарч нь Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм, журмаар голчлон ажилладаг. Ажлын хувьд хэдэн мянган өгөгдөлд тооцоолол хийж байж эрсдлийг тодорхойлох, илрүүлэх, шийдэх арга боловсруулах, хэрэгжүүлэх, мониторинг хийх гэсэн процессоор явагддаг бөгөөд шаарлагатай тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороогоор хянуулдаг байгаа. Мэргэжлийн ач холбогдлыг авч үзвэл эрсдлийг бодитой үнэлснээр хураамжийг нөхөн төлбөрийн хэмжээтэй уялдуулж тооцдог давуу талтай. Өөрөөр хэлбэл, актуарчийн гаргаж байгаа хураамжийн үнэ илүү бодитой. Энэ нь цаашлаад эрсдлийг удирдах хамгийн сайн нөхцлийг бүрдүүлдэг юм.

Иргэд, байгууллагууд маань даатгалын компаниа сонгохдоо юу анхаарах хэрэгтэй вэ. Мэргэжилтний хувьд зөвлөгөө өгнө үү?

Миний бодлоор иргэд, байгууллагууд нь даатгагч байгууллагынхаа мэргэжлийн байдал, туршлага, харилцагчийн тоог харах хэрэгтэй болов уу. Тухайлбал, мэргэжлийн байдлыг олон жилийн туршлагатай мэргэшсэн ажилтнуудаар нь дүгнэж болно. Мөн тухайн байгууллага олон жилийн туршлагатай байна гэдэг нь тэр хэмжээний эрсдлийн мэдээллийн сан байгаа гэсэн үг. Энэ нь эрсдлийг тооцоолоход хамгийн сайн нөхцөл болдог. Харин харилцагчийн тооны хувьд олон байх нь тэр хэмжээний хариуцлага үүрч ажиллаж байна гэж ойлгож болох байна.

Даатгалын компаниудын зарим хураамжийн үнэ ялгаатай байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Даатгалын бүтээгдэхүүний хураамжийн үнэнд хязгаарлалт байхгүй учраас компаниуд үнийг бууруулж өрсөлддөг зүйл байдаг. Хураамжийн үнийг бууруулах нь нөхөн төлбөрийг олгохгүй байх нөхцлийг нэмэгдүүлэх магадлалтай. Иймээс иргэд, байгууллагууд маань даатгуулахдаа гэрээний заалтуудаа унших, тэр дундаа нөхөн төлбөр олгохгүй байх нөхцлүүдтэй сайтар танилцах хэрэгтэй. Зарим гэрээнүүд хэт ерөнхий заалттай байж болзошгүй шүү. Ер нь манай улсын даатгалын хураамж олон улстай харьцуулвал боломжит хамгийн бага хэмжээгээр тавигдсан байдаг. Жишээлбэл, Солонгост тээврийн хэрэгслийн даатгалын жилийн хураамж 1000 доллар байдаг. Иймээс эрсдэлээсээ бага үнээр хураамжийг тогтоосон эсэхийг хянах л хэрэгтэй.

Сүүлийн үед иргэд маань эрүүл мэндийн шалтгаанаар хандив тусламж хүсэх болсонтой холбоотойгоор хувийн эрүүл мэндийн даатгалыг зарим нь дэмжихболсон. Олон улсад энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

Миний хувьд ч хувийн эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдэх цаг болсон гэж боддог. Гадны орнуудад эрүүл мэндийн даатгалын төлбөрийг улс, хувь гэж хоёр хувааж өгдөг туршлага байдаг. Энэ нь иргэдэд маш ашигтай тусах хувилбар юм. Хэрэв манай улс ийм даатгалын хэлбэрт шилжихээр болвол би актуарын мэргэжлээрээ хувь нэмэр оруулах хүсэлтэй. Иргэдийн хувьд ойрын хэн нэгэн өвдөхөд мөнгө өгч байдаг. Хэрэв тэр өгсөн мөнгөө даатгалд оруулвал өөрт нь биш юмаа гэхэд хэрэгцээтэй хүнд нь очиж байдаг ийм л хэрэгцээтэй хүмүүнлэг ажил шүү дээ.

Даатгалын хөгжлийн талаар өөрийн бодлоос хуваалцана уу?

Манай улсад жил хүртэлх богино хугацааны даатгал буюу ердийн даатгалыг борлуулдаг компаниудаас гадна амьдралын даатгалын бүтээгдэхүүний ганц компани бий. Миний бодлоор цаашдаа албан журмын даатгалуудаа нэмэх, өмнө хэлсэн улсын эрүүл мэнд, мөн тэтгэвэрийн даатгалыг хувийн даатгалын системтэй нийлүүлээсэй гэж бодож байна. Даатгалын систем нь санхүүгийн эрсдлээс даван гарахад чухал хөшүүрэг гэдгийг иргэд маань сайн ойлгож энэ салбар илүү хөгжөөсэй гэж хувиасаа хүсч байна.