Баяр наадмын өдрүүдээр 146 хүнийг үер усны аюулаас хамгаалсан бол эндсэн 10 иргэн байна. Үүний 8 том хүн, 2 хүүхэд байгаа юм. Харин зам тээврийн 759 хэрэг шалгагдаж, тээврийн ослоор 39 иргэн амь насаа алдсан байна. /2020/

 

Дотоодын аялагчдын дийлэнх нь гэр бүлээрээ, олуулаа аялалд гардаг. Цагийг сайхан өнгөрүүлж, дурсамж бүтээх зорилготой байдаг ч хэн хэндээ найдсанаас үүдэн анхаарал халамж дутуу тавьж хүүхдээ өвтгөж, гэмтээх тэр бүү хэл хээр мартах ч тохиолдол гардаг. Тиймээс хүүхэдтэй аялалд явж буй тохиолдолд дараах зүйлсийг зайлшгүй анхаараарай.

Хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх

Аялал зугаалгын үеэр гэлтгүй энгийн үед ч авто тээврийн осол хүүхдийн гэмтэл бэртлийн тэргүүлэх шалтгаануудын нэг байсаар ирсэн. Зориулалтын суудал болон хамгаалалтын бүс нь тээврийн ослын үед хүүхдийг шидэгдэхээс, бусад биетэд цохигдохоос, доргилтын сааруулж амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирлыг бууруулах ач холбогдолтой хэрэгсэл юм. Гэвч зарим асран хамгаалагч нар үүнийг төвөгшөөж, цагдаад зориулсан хэрэгсэл мэт хардаг нь харамсалтай.

Хүүхдийн зориулалтын суудал, хамгаалах бүс бол таны хүүхдийн амь насыг хамгаалж буй хэрэгсэл юм. Хүүхдээ дүрмийн дагуу тээвэрлэж хэвшицгээе.

Гол усны дэргэд заавал харгалзах хүнтэй байлгах

Аяллын үеэр, зуны халуун өдрүүдэд гол, нуурын эрэг дээр өнжих нь элбэг. Гэвч усны төвшин болон бусад болзошгүй эрсдэлийг үл ойшоон хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр орхичихдог. Баяр наадмын өдрүүдээр л гэхэд 146 хүн үер усны аюулаас аврагдаж 10 иргэн эндсэн харамсалтай тоо мэдээлэл байна.

Голын эрэг дээр тоглуулах гэж байгаа бол

  • Аврагч хантааз өмсгөх
  • Асран хамгаалагч нь байнга дагаж явах
  • Усны төвшин аюултай тохиолдолд голын эрэг дээрх тоглуулахгүй байх
  • Усанд осолдсон тохиолдолд яаралтай арга хэмжээ авах. Анхны тусламжийн талаар энд дарж уншина уу.

Хоолны хордлогоос сэргийлэх

Холын замд томоохон тулгамдсан асуудал байдаг нь ус болон хүнсний асуудал. Ялангуяа хүүхэд шингэн алдах, хоолны хордлогод орох явдал ихээхэн тохиолддог. Тиймээс

  • Замдаа дараагийн зогсоол хүртэлх /дэлгүүр/ усаа нөөцлөх. Хэт их хэмжээгээр хадгалбал муудах эрсдэлтэй.
  • Хүүхдэдээ хорхог, боодог гэх мэт хурц хоолыг болгоомжтой өгөх
  • Гарал үүсэл, үйлдвэрлэсэн өдөр тодорхойгүй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
  • Чихэр, чипсийн хэрэглээг хянах
  • Ангын мах идүүлэхгүй байх

Гэмтэж бэртэх, амьтанд хазуулахаас сэргийлэх

Эмийн санд тань шумуулын тос, цацлагаас гадна халуун бууруулах лаа, өвчин намдаагч гэх мэт эмнэлгийн тусламж иртэл үйлчлэх, хүүхдэд тань харшилдаггүй эмийг заавал багтаагаарай.

Томчуудыг бодвол хүүхдүүд сониуч, болгоомжгүй, хөдөлгөөн ихтэй байдаг тул уул, хад, явганаас унаж бэртэх, ясны хүнд гэмтэл авах эрсдэл маш өндөр байдаг. Үүгээр зогсохгүй хортой шавжид хатгуулах, хазуулах тохиолдолд ч элбэг. Тиймд хүүхдийнхээ аюулгүй байдлыг нэгд тавьж, хараа хяналтаа сайн тавьж аялаарай.

Даатгал бол эрсдэлийн дараах санхүүгийн хамгаалалт

Хоромхон зуурын анхааралгүй байдал бидэнд маш том эрсдэлийг дагуулдаг. Гэхдээ эрсдэл зөвхөн биднээс хамаардаггүй нь харамсалтай. Эсрэг урсгалын болгоомжгүй жолооч, өөр нэгэн аялагч, байгалийн хүчин зүйл гээд бидний аюулгүй байдалд нөлөөлөх зүйл тоо томшгүй. Энэ олон эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл хүүхдэд илүү хүнд тусдаг. Эрсдэлийн дараах санхүү болоод сэтгэл зүйн дарамтыг даатгалаар шийдэх бүрэн боломжтой юм.

Та аялалд гарахдаа хүүхдээ заавал даатгуулж хэвшээрэй.