Амралт зугаалгын улирал дуусаж, хичээлийн улирал эхэлж байна. Бүгд л дор бүрээ хичээл номондоо бэлдэж, бяцхан догдлол дүүрэн 9-р сарын 1-нээ хүлээж байгаа байх. Гэвч энэ жил бол биднээс хувийн ариун цэвэр, сахилга батыг онцгой шаардсан жил болж байгааг бид бүгд мэдэж байгаа. Энгийн жилүүдэд улирлын томуугаар өвчлөгсдөөр эмнэлэгийн ор дүүрч, шалан дээр хүүхдээ тэвэрч суух асран хамгаалагчид битүү болдог. Сургууль орчмын авто тээврийн осол ч эрс нэмэгдэж, сургууль, цэцэрлэгтэй явж байсан хүүхдүүд гэмтлийн эмнэлэгийн орон дээр хэвтэх харамсалтай дүр зураглал илүүтэй харагдаж эхэлдэг.

Тэгвэл хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх үзүүлэлт болон түүний учир шалтгаан юунд байна вэ? Бид яаж урьдчилан сэргийлэх вэ?

Авто тээврийн осол

2019 онд хүүхэд өртсөн, зам тээврийн  осол 819 удаа бүртгэгдэж 770 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж, 49 хүүхэд нас барсан харамсалтай тоо мэдээ байна. Осолд өртсөн хүүхдийн 541 явганаар, 236 тээврийн хэрэгслээр, 42 хүүхэд нь дугуйгаар зорчиж байсан байна. 9-р сараас 5-р сар хүртэлх буюу хичээлийн улирлын хугацаанд хүүхдүүд явганаар, дугуйгаар, нийтийн тээврийн хэрэгслээр, хувийн унаагаар гэх мэтээр замын хөдөлгөөнд  илүү идэвхтэй оролцдог. Энэ нөхцөл ослын шалтгаан болох ёсгүй ч эдгээр саруудад сургууль орчмын зам тээврийн осол ихэсдэг нь харамсалтай.

Бидний багахан зөв үйлдэл энэ тоог багасгаж, хүүхдийн осол эндэгдэлгүй болгох боломжтой гэдгийг та мэдэх үү?

  • Хүүхдийг зориулалтын дагуу тээвэрлэх. Машины суудал бол торгуулахаас сэргийлэх, цагдаад зориулсан үзмэр төдий эд биш бөгөөд таны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж буй хамгаалалт гэдгийг ухамсарлаж, зорчих
  • Хороолол дунд, сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайн ойр орчим, гарц дээр хурдаа сааруулах.
  • Явган зорчигч, хүүхдэд зам тавьж өгөх
  • Эцэг, эхчүүд хүүхдээ явганаар аюулгүй зорчих зан үйлд сургах
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх
  • Жолооч та ядарсан үедээ жолооны ард суухгүй байх.
  • Жолоо барьж явахдаа утсаа оролдохгүй байх

Түлэгдэх

Түлэгдэлт нь зөвхөн шарх биш бүхэл бүтэн эрхтэн системийг алдагдуулдаг ноцтой гэмтэл юм. Жилд ГССҮТ-д жилд дунджаар 1200 орчим хүүхэд түлэгдэлт гэсэн оноштой хэвтэн эмчлүүлдэг байна. Эдгээр тохиолдлын 90% нь гэртээ, ахуйн нөхцөлд хоол цайндаа түлэгдэж байгаа нь харамсалтай.

0-6 насны хүүхэд асран хамгаалагчийн бүрэн хяналтад орчинтойгоо танилцаж байдаг. Гэвч томчуудын хайхрамжгүй үйлдлээс үүдэн өөр дээрээ халуун зүйлс асгах, халуун тогоонд түлэгдэх гэх мэт эрсдэлтэй байнга нүүр тулж байгаа нь дэндүү гунигтай.

Мөн сургуулийн насны хүүхдийг асран хамгаалагчгүй гэртээ үлдээх, хичээлээс тараад гэртээ хоол, цай бэлдэх гэж байгаад түлэгдэх тохиолдол их байдаг байна.

Амьгүй эд зүйл хэзээ ч хөл, гар ургаж хүүхдийг тань түлэхгүй тул том хүн та хараа хяналтаа сайжруулж, гэрийн аюулгүй байдлаа бүрэн хангана уу!

Улирлын томуу болон бусад амьсгалын замын өвчлөл

Улирал солигдох үед хүний биеийн дархлаа муудаж эхэлдэг. Энэ нь бие организм хүрээлэн буй орчин, цаг ууртаа дасан зохицох хугацаа хэрэгтэй байдагтай холбоотой юм. Гэвч энэ үед бидний нэрлэж заншсанаар улирлын томуу эрчимтэй дэгдэж эхэлдэг. Ялангуяа өвлийн улиралд эмнэлэгт ор олдохоо байж, эмнэлгийн шалаар хүүхдээ тэвэрсэн ээж, аав нар сууж байдаг нь энгийн л үзэгдэл болж хувирдаг.

Улирал солигдох нь тодорхой, дархлаа унах нь мэдээж, сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн харилцаанд орох нь тодорхой тул хүүхдийнхээ дархлааг үргэлж дэмжиж байхыг зөвлөе. Нэгэнт хүндээр өвчилсөн хойно нь бус урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах эрүүл мэндийн суурь боловсрол юм шүү.

  • Дулааны улиралд хүүхдээ хангалттай салхинд гаргах
  • Д витаминыг эмчийн зааврын дагуу, зөв тунгаар өгөх
  • Цаг агаарт нь тохируулж хувцаслах
  • Амин дэмтэй хоол хүнс хэрэглэх
  • Унтах цагийг тогтмол болгох. Хэт орой унтах хүүхдийн дархлааг унагадаг.
  • Өвдсөн тохиолдолд фэйсбүүк, эмийн санч бус хүүхдийн эмчид хандах
  • Гэрээр ямар нэгэн арга хэмжээ авч өвчлөлийг хүндрүүлэхгүй байх

Эрсдэлийг бүрэн тооцоолох

Бидний нэг алдаа нь хэзээ ч өвдөхгүй юм шиг, гэнэтийн осол тохиохгүй мэт амьдардаг. Гэвч гэнэтийн эрсдэл, өвчин зовлон тохиосны дараа эмчилгээний төлбөр, эмнэлгийн зардал гээд санхүүгийн асуудалд унадаг. Санхүүгийн хүндрэлээс үүдэн эмчилгээг цагтаа хийлгэж чадахгүй байх, хандив тусламж цуглахгүй байх, өдөр ирэх тусам биеийн байдал хүндрэх гээд олон сөрөг үр дагавар гарч ирнэ.

Хэрвээ та даатгалтай бол урьдчилсан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдаж, гэнэтийн эрсдэл тохиолдоход санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай байх юм.

Хувийн эрүүл мэндийн даатгалын танилцуулга татахыг хүсвэл доорх зураг дээр дарна уу.