Мэдээ
Даатгалын ач холбогдол
Иргэдийн дунд даатгалтай холбоотой олон төрлийн эргэлзээтэй ойлголтууд байдаг. Ялангуяа даатгалд хамрагдаж буй эрсдэлүүд, нөхөн олговрын талаарх буруу ташаа болон ойлгомжгүй асуудлууд өчнөөн бий. Даатгалд хамрагдахдаа анхаарах зүйлс нийтлэлээс даатгал хийлгэхдээ юунд анхаарах, ямар даатгал өөрт тань тохирох талаар уншиж танилцаарай.
Харин энэ удаад тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгал хэрхэн үйлчилдэг, ямар хэмжээний нөхөн олговор олгогдох боломжтой байдаг талаар хүргэж байна.
Бодит жишээ:
Хичээлийн улирал эхэлсэнтэй холбоотой замын хөдөлгөөн болон сургууль орчмын хөдөлгөөн эрчимжсэн гэдгийг бүгд анзаарч байгаа байх. Яг энэ үеэр осол гэмтлийн тоо эрчимтэй өсдөг.
2019 оны намар сургуулийн орчим ухарч байсан машин замын тэмдэг мөргөж, мөргөсөн замын тэмдэг нь унахдаа хүүхдийн хөлийг гэмтээсэн тохиолдол бүртгэгдсэн юм.
Энэ тохиолдолд авто тээврийн эзэмшигч хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулж мөн өөрийн эд хөрөнгийг гэмтээж давхар давхар санхүүгийн асуудалд орсон нөхцөл байдал үүссэн юм.
Тухайн жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол тул заавал даатгуулах жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын дагуу 2,300,000₮ бүхий бусдад учруулсан хохирлыг барагдуулсан.
Харин жолооч маань давхар тээврийн хэрэгслийн даатгалаар даатгагдсан байсан тул өөрийн машинд учирсан 1,500,000₮-ийн хохиролыг даатгалаар барагдуулсан юм.
Мэдээж хүүхдэд тохиолдсон болон замын тэмдэг тэмдэглээний хохиролд тохирсон хуулийн дагуух хариуцлагыг тухайн жолоочид оногдуулсан болно.
Нөгөө талд осолд өртсөн хүүхэд маань эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байсан тул эмчилгээ, эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах, эмчийн хяналтад хамрагдах бүхий л зардлыг даатгалаас олгосон юм.
Хэрвээ даатгалын үйлчилгээний давуу талыг ойлгож, даатгуулаагүй байсан бол тухайн жолооч их хэмжээний санхүүгийн асуудалд орж үүнээс үүдэн хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой хүлээлт үүсэж цаг хугацаа алдах эрсдэлтэй байсан юм.
Даатгал бол эрсдэлийн дараах санхүүгийн алдагдлын нөхөх, цаг хугацаа, эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирлыг бууруулах хамгийн шилдэг санхүүгийн хэрэгсэл юм.