1. ӨДРИЙГ ЭХЛҮҮЛДЭГ ХУВААРЬТАЙ БАЙХ

Энэ бол ердөө л “09:50 минутад сэрчхээд 10:00 гэхэд компьютерээ асаагаад л ажлаа хийж эхлэхгүй шүү!” гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл хэдий гэрээсээ ажиллаж байгаа ч гэсэн тархи болон бие махбоддоо “сэрэх” хугацааг нь өгөх хэрэгтэй.

Өглөө бүр 1 аяга ус уух, 5 минут биеийнхээ чилээг гаргах эсвэл дуртай номоо 15 минутын хугацаанд унших гээд юу ч хийсэн болно. Хамгийн гол нь өглөө сэрмэгцээ дээрх зүйлсийг хийснээр тархиа үр бүтээлтэй ажиллахад нь бэлдэж өгч байна гэсэн үг юм. Ингэснээр хоосон дэлгэц ширтэж, гөлөрч, нойрмоглохгүйгээр богино хугацаанд санаанд оромгүй олон зүйлсийг гараасаа гаргах болно.

  1. АЖИЛЛАХ ОРЧНОО ТУСГААРЛАХ

Бид оффис дээр хийх ажлаа гэрээсээ хийх болсноор бүх зүйлийг нэг дороос хийх боломжтой болсон. Хооллох, зурагт үзэх, утсаа оролдох, гэрийнхэнтэйгээ ярилцах, унтах, ажиллах, суралцах гээд л бүхнийг гэрээсээ хийчихвэл амар юм шиг санагдаж байгаа ч эцэст нь та ямар ч киног бүтэн үзээгүй, хэнтэй ч мэнд усаа гүйцэд мэдэлцэж амжаагүй, ямар ч ажил бүтээгээгүй байсаар хоцрох магадлал өндөр. Бидний заримд нь ч энэ асуудлууд аль хэдийнээ тохиолдоод хэрхэн сайжруулах тал дээр эрэлхийлээд эхэлсэн байх.

Тиймээс гэртээ байгаа ч гэсэн ажиллах, амрах, хооллох орон зайгаа тус тусад нь гаргаад, зөвхөн тэдгээр газрууддаа харгалзах үйлдлийг нь хийгээрэй. Гал тогооны өрөөний ширээн дээр л хоол ундаа идэж, буйдан дээрээсээ л зурагт үзэж, ширээний ард ажиллаа хийнэ гэсэн үг. Ингэснээр анхаарал сарних асуудал багасаж, хийж буй зүйлсдээ төвлөрөх таатай орчин нөхцөл тань бүрдэнэ.

  1. ШААРДЛАГАТАЙ БОЛ АЛБАН ХУВЦАСЛАЛТ, НҮҮР БУДАЛТАА ХИЙХ

Үр бүтээлтэй байх хүсэл огт төрөхгүй байвал яг л ажилдаа явах гэж байгаа мэтээр өөрийгөө бэлдээрэй. Жишээлбэл бүсгүйчүүдийн хувьд үсээ засах, нүүрээ будаж, айхтар гоёмсог биш юм аа гэхэд гэрийн футболко солиод үз. Залуус ч мөн адил үсээ засаад, нүүрээ угаагаад, хувцсаа солиод үзээрэй.

Гэрээсээ гарахгүй байж ингээд бэлдэх нь инээдтэй, бүр ичмээр ч юм шиг санагдаж магадгүй. Гэвч энэ нь танд шинэлэг мэдрэмж төрүүлж, эргээд үр бүтээлтэй байдал руу шилжихэд тань ихээхэн тусална гэдэгт итгэлтэй байна.

  1. УНТЛАГЫН ХУВЦАСТАЙГАА АЖИЛЛАХГҮЙ БАЙХ

Орноосоо босоогүй байхдаа эсвэл унтлагын хувцастайгаа ажлаа хийснээр олигтой хийсэн ч юм байхгүй, амарсан ч юм байхгүй хоцорно. Тиймээс амрах үедээ ажлын талаар бодохгүй бүрэн амарч, цахимаар ажиллаж байх үедээ нойрмоглож залхуурахгүйгээр идэвхтэй ажиллаарай.

Орныхоо эргэн тойронд баахан бичиг цаас эгнүүлж тавиад, унтах болохоороо хажуу тийш нь хурааж тавьчихаад, өглөө нь дахиад л гаргаж ирээд үргэлжлүүлэх цикл нь тархинд тань зөв дохиог өгөхгүй.

  1. ЗААВАЛ ХИЙХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТТАЙ БАЙХ

“За тэрийг хийх юм байна даа” гээд тархиндаа бодоод өнгөрөхийн оронд хийх ажлуудаа нэг нэгэнгүй жагсаан бичээрэй. Гэртээ байгаа үед таныг өөрөөс тань өөр шахаж шаардах хүн байхгүй учир мартахгүй гэж бодсон жижигхэн зүйлсээ ч ор тас мартаж орхих аюултай.

Мөн цахим орчинд ажиллаж буй үед их ажил амжуулсан ч нэг их зүйл хийгээгүй мэт мэдрэмж төрөх нь бий. Тиймээс хийх зүйлсийн жагсаалтаа аль болох цаасан дээр гараараа бичээрэй. Мөн өөрийн биеэрээ “хийчихлээ!” гэсэн мэдрэмж авах зорилгоор хийсэн ажлуудаа чагтлах, эсвэл зөвлөөд яваарай. Хийнэ гээд жагсаан бичсэн ажлуудаа бүгдийг нь хийж дуусгачхаад улаан балаар дараад хаях ч сайхан шүү.

  1. АНХААРАЛ САРНИУЛАХ ЗҮЙЛСЭЭС ЗАЙЛСХИЙХ

Та ажлаа хийж байх үедээ Фэйсбүүк, мессэнжэр, инстаграм, и-мэйл болон бусад аппликейшнүүдийнхээ мэдэгдэл /notification/-ийг унтрааж хэвшээрэй.

Яг үүнтэй адил ажиллах цаг тань дууссан бол ажилтай холбоотой и-мэйл, зурвасуудаа ч мөн шалгахгүй байхыг хичээгээрэй. Тархиа амрах цагт нь амрааж хэвших нь таны маргаашийн үр бүтээмжтэй шууд холбоотой байх болно.

  1. ТОХИРОМЖТОЙ ЗАВСАРЛАГА АВАХ

Гэрээсээ ажиллах үед эхлэх болон дуусах цаг заагдаагүйн улмаас нэг бол юу ч хийхгүй хоцрох эсвэл өөрийгөө хэтрүүлэн ачаалуулах сул талтай байдаг. Энэ нь таны бие махбод төдийгүй эрүүл мэндэд ч хортой учир ажлын дундуур хооллох, дасгал хийх, амрахад зарцуулах тодорхой хугацааны завсарлагуудыг авч хэвшээрэй.

Хэдийгээр гэрээсээ ажиллах нөхцөлд дасан зохицоход тодорхой хугацаа шаардагдах ч нэгэнт дасчихвал өөрийгөө хянах, үр бүтээлтэй ажиллах, хувийн зохион байгуулалт сайжрах зэрэг олон чадваруудыг эзэмшсэн байх болно. Тиймээс цагаа зөв бөгөөд үр бүтэлтэйгээр ашиглаарай!

Амжилт хүсье!