Мэдээ
Ковид19-н үед дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
Таны дархлааны систем бол өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан бие мах-бодийн хамгаалалтын систем юм. Дархлааны систем мөн хэт хүчтэй байж болдоггүй бөгөөд энэ нь олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болдог байна. Тиймээс тэнцвэртэйгээр дархлаагаа дэмжих нь тун чухал билээ.
Ковид19 гэлтгүй бүхий л үед дархлаагаа тэнцвэртэйгээр байлгах нь нэн чухал юм. Нэмэлт эм, бүтээгдэхүүн гэхээс илүү эрүүл амьдралын хэв маяг нь дархлааны системийг идэвхтэй байдлыг бий болгодог. Бид танд амьдралын хэв маягтаа нэвтрүүлж болох аргуудыг танилцуулъя
Сайн хоол хүнс
Эрүүл, чанартай хоол хүнс нь дархлааны системийн гол түлхүүр юм. Энэ нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, буурцагт ургамал, үр тариа, эрүүл өөх тосыг тогтмол идэх хэрэгтэй гэсэн үг билээ. Эрүүл хооллолт нь дархлааны системд шаардлагатай эрчим хүчийг өгөхөөс гадна дархлаагаа хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг микро элементүүдийг хангалттай хэмжээгээр авахад тусалдаг.
Тахиа, хулд/салмон/, туна загас, банана, ногоон ногоо, төмсөнд агуулагддаг В6 витамин
Жүрж, гүзээлзгэнэ зэрэг цитрус жимс, улаан лооль, брокколи, бууцайнд агуулагддаг С аминдэм.
Бүйлс, наран цэцэг, гүргэмийн тос, наран цэцгийн үр, самрын тос, бууцайнд агуулагддаг Е витаминыг түлхүү хэрэглэж хэвшээрэй.
Мэргэжилтнүүд таны бие витаминыг нэмэлт тэжээлээс илүү хоол тэжээлийн эх үүсвэрээс илүү үр дүнтэй шингээдэг гэж үздэг тул дархлаа дэмжих хамгийн сайн арга бол тэнцвэртэй хооллолт юм.
Тогтмол дасгал хөдөлгөөн
Биеийн тамирын дасгал нь зөвхөн булчин хөгжүүлэх, стрессээ тайлахад туслахаас гадна эрүүл чийрэг байх, дархлаагаа дэмжих чухал хэсэг юм. Биеийн тамирын дасгал нь цусны эргэлтийг нэмэгдүүлэх замаар дархлааны функцийг сайжруулдаг. Энэ нь дархлааны эсүүд болон халдвар хамгаалагч бусад молекулууд бие махбодоо дамжин өнгөрөхөд туслахад нөлөөлдөг юм. Олон судалгаанаас өдөрт 30 минут дасгал хөдөлгөөн хийх нь дархлааг сайжруулдаг болохыг харах боломжтой. Тиймээс өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй.
Ус уух
Ус нь таны биед олон чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүнд нэг нь дархлааны функцэд чухал нөлөөл үзүүлдэг. Таны цусны эргэлтийн тогтолцоонд лимф гэж нэрлэгддэг шингэн нь таны биеийг тойрон хүрээлж, халдвараас хамгаалах чухал дархлааны эсүүдийг агуулдаг. Шингэн алдалт нь лимфийн хөдөлгөөнийг удаашруулж, заримдаа дархлаа сулрахад хүргэдэг.
Хэдийгээр та биеийн тамирын дасгал хийдэггүй эсвэл хөлсөө гаргаагүй ч гэсэн амьсгалаараа, мөн шээс, гэдэсний хөдөлгөөнөөрөө байнга ус алддаг гэдгийг дурдах нь зөв байх.. Дархлааны тогтолцоогоо дэмжихийн тулд алдсан усаа нөхөж чадаж байгаа эсэхийг мэдэхээс эхэлнэ. Мэргэжилтнүүдийн баталсан хамгийн нийтлэг нэгэн дүрэм байдаг нь биеийн жингийнхээ 1 кг бүрт 30 мл шингэн тооцож өдөрт хэрэглэх юм. Гэхдээ мэдээж биеийн жин болон өндрөөс гадна бусад олон хүчин зүйлсээс шалтгаалж хүн тус бүрийн өдөрт уух хэрэгтэй шингэний хэмжээ өөр байдаг тул амьдралын хэв маягаа заавал тооцоолох хэрэгтэй.
Сайн унтаж амрах
Унтах нь мэдээжийн хэрэг идэвхтэй үйл явц биш юм шиг санагдаж магадгүй, гэхдээ сэрүүн биш байх үед таны бие махбодод олон чухал үйл ажиллагаа явагддаг . Жишээлбэл, халдвартай тэмцэх чухал молекулууд таныг унтаж байх үед үүсдэг.
Судалгаанаас харахад хангалттай чанартай унтаж амждаггүй хүмүүс өвчин тусах эрсдэл өндөр байдаг ба ханиадны вирус гэх мэт вирусийн өвчлөлд хэт мэдрэг байдаг. Тиймээс чанартай нойр авч хэвших нь эрүүл амьдралын суурь юм.
Стрессээ буруулах
Стресс, ялангуяа байнгын, удаан үргэлжилдэг архаг стрессийн үед таны бие стрессийн хариу урвалыг эхлүүлж хариу үйлдэл үзүүлдэг. Энэхүү стрессын эсрэг хариу арга хэмжээ нь эргээд таны дархлааг дарангуйлдаг тул халдвар авах эсвэл өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Стресс нь хүн бүрт өөр өөр байдаг бөгөөд бид үүнийг хэрхэн тайлдаг вэ? Энэ нь таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болохыг харгалзан стрессийг хэрхэн тодорхойлохыг мэдэх нь чухал юм.
- Сошиал медиагаа сөрөг мэдээллээс хол байлгах
- Гүнзгий амьсгалах
- Иог, бясалгал хийх
- Дасгал хийх
- Гар утас, ТВ гэх мэт дэлгэцийг цагийн хязгаартай хэрэглэх