ИАТ-ийн онгоцны нисэх бүрэлдэхүүний гэнэтийн осол, ажил мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал

HomeИргэдийн даатгалАгаарын хөлгийн даатгалИАТ-ийн онгоцны нисэх бүрэлдэхүүний гэнэтийн осол, ажил мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал

Даатгалын эрсдэл

  1. Зам, тээврийн хөдөлгөөний үеийн
  2. Ажил мэргэжлээс шалтгаалах өвчний

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг даатгалын эрсдэлийн түвшингээс хамааруулан тогтооно

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийг эрсдэлийн түвшингээс хамааруулан тогтоох ба хураамжийн хувь 1.2%-с багагүй байна.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл; даатгуулагчийг хууль ёсны дагуу төлөөлөх эрх бүхий этгээдийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  6. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  7. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  8. Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас нас барах болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол нөхөн төлбөрийг гэрээт баталгаанд заасан үнэлгээний 100 хувиар олгоно.
  9. Даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол баримтаар нотлогдох эмчилгээ, үйлчилгээний баримтыг үндэслэн эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн (эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, хэрэв тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бол тэтгэврийн дэвтэр зэргийг үндэслэн) ажлын өдрөөр тооцсон хугацаанаас хамааруулан дор дурдсан хувиар даатгалын үнэлгээнээс бодож нөхөн төлбөр олгоно. Үүнд:
  • 1-15 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол 5 хувь;
  • 16-30 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол 10 хувь;
  • 31-45 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол 30 хувь;
  • 46-60 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол 40 хувь;
  • 61-75 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол 50 хувь;
  • 76-90 хоногийн хугацаагаар эмчлүүлсэн бол 60 хувь;
  • 91 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай буюу тахир дутуугийн тэтгэвэр 6 хүртэл сарын хугацаагаар тогтоолгосон бол 70 хувь;
  • Тахир дутуугийн тэтгэвэр 6-12 хүртэлх сарын хугацаагаар тогтоолгосон бол 80 хувь;
  • Тахир дутуугийн тэтгэвэр нэг жил ба түүнээс дээш хугацаагаар тогтоолгосон бол 90 хувь;
  • Даатгалтай иргэн гэрээнд заагдсан эрсдэлийн улмаас 90 хоног эмчлүүлээгүй боловч эмнэлгийн дүгнэлтээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бол ямар хугацаагаар тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосныг харгалзан тухайн хугацаанд хамаарах хувь хэмжээгээр нөхөн төлбөр төлнө.
    1. Олон удаагийн нислэгийн явцад ажил мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдаж эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр өөр хөнгөн ажилд шилжсэн тохиолдолд хөнгөн ажилд шилжиж ажилласан өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацаанд, түүнчлэн дээрх шалтгаанаар тахир дутуугийн тэтгэвэр тогтоолговол тахир дутуугийн тэтгэвэр авч байх хугацаанд даатгагчаас сар тутам олгох нөхөн төлбөрийг зөвхөн энэ даатгалаар даатгуулсан хугацааг харгалзан дараах байдлаар тогтоож нөхөн төлбөрийг олгоно. Үүнд:

 

Хамрагдсан хугацаа Сард олгох нөхөн төлбөр /төгрөгөөр/
5 хүртэл жил 8000
10 хүртэл жил 15000
15 хүртэл жил 20000
20 хүртэл жил 25000
20-оос дээш жил 30000

 

 

  1. Энэ гэрээний 8, 9, 10-д заасан нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын үнэлгээний дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  7. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол;
  8. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  9. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  10. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  11. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  12. Даатгуулагч гэрээт баталгаанд заасан эрсдэлээс өөр шалтгаанаар гэмтэж бэртэн эмчлүүлсэн болон хөнгөн ажилд шилжсэн бол түүнд нөхөн төлбөр олгохгүй, түүнчлэн гэрээнд заасан эрсдэлийн улмаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож даатгал олгох нөхцөлийн 9-т заасан нөхөн төлбөр авсан бол тус нөхцөлийн 10-т заасан нөхөн төлбөрийг давхардуулж олгохгүй;
  13. Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн, мөн ердийн болон халдварт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн бол нөхөн төлбөр олгохгүй;
  14. Даатгуулагч нь байгалийн гамшигтай тэмцэх албаны нисгэгч-ажиглагч, шүхэрчин, гал сөнөөгч байх тохиолдолд “ажил мэргэжлээс шалтгаалах өвчний” эрсдэлээр нөхөн төлбөр олгохгүй;
  15. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;