Эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн хариуцлагын даатгал
Даатгалын зүйл
Эмч, эмнэлгийн ажилтны эмчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага.
Даатгалын эрсдэл
Ажил мэргэжлийн алдааг дараах нөхцөлд даатгана. Үүнд:
- Оношлогооны явцад;
- Эмчилгээний явцад;
- Асаргаа сувилгааны үед;
- Эмчилгээ, эмийн бэлдмэлийг сонгох, жор бичих явцад.
Даатгалын үнэлгээ
Хариуцлагын хэмжээг тухайн ажилтны орлого, үйлчлэх хүрээнээс хамааруулан тогтоох ба 10,0 сая төгрөгнөөс багагүй байна.
Даатгалын хураамж
Даатгалын хураамжийн доод хэмжээ 0.6% байна.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагчийн өргөдөл;
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
- Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
- Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
- Шүүхийн шийдвэр;
- Даатгуулагчийн мэргэжил боловсролын гэрчилгээ, үнэмлэх;
- Эмчлүүлэгчид үзүүлсэн эмчмлгээ, үйлчилгээний жагсаалт;
- Шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал
Нөхөн төлбөр олгох нөхцөл
- Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
- Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
- Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
- Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү нөхцөлийн 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
- Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
- Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол Улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэс болгоно. Хэрэв даатгуулагч нөхөн эсхүл даатгагч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэж үзэн дараагийн шатны шүүхэд давж заалдахаар хүсэлтэй байгаа болон давж заалдаж буй бол дараагийн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
- Даатгуулагчийн даатгалтай хугацаанд хийсэн үйлдлээс үүссэн хохирлыг нөхөн төлөх Даатгагчийн үүрэг нь шүүхийн хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана.
- Даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг даатгалын гэрээнд заасан хариуцлагын хэмжээнд багтаан нөхөн төлнө.
- Шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
- Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
- Даатгалын тохиолдлын улмаас гуравдагч этгээдийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн бодож олгоно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
- Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
- Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
- Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
- Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
- Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
- Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн болон энэ үед гаргасан шийдвэрийн улмаас учруулсан хохирол;
- Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
- Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
- Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол;
- Даатгалын бус хугацаанд хийгдсэн эмчилгээ үйлчилгээнээс үүдсэн хохирол;
- Даатгуулагчийн бие болон сэтгэл зүйн өвчин эмгэгээс шалтгаалж учруулсан хохирол;
- Эмнэлгийн байгууллагын тоног төхөөрөмжинд учруулсан хохирол;
- Даатгуулагч нь эрх бүхий байгууллагын акт, дүгнэлтгүйгээр даатгалын тохиолдол бий болсныг бүрэн болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрч, ямар нэгэн төлбөр урьдчилан барагдуулсан тохиолдолд;
- Эмчилгээ болон оношлогооны тоног төхөөрөмжийн нууц дефект, гажгаас болж гарсан хохирол;
- Ардын уламжлалт эмчилгээ, рашаан сувилал, гоо сайхны эмчилгээ, үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;
- Даатгуулагч ажлын бус цагаар болон хувийн ашиг сонирхлын дагуу эмчилгээ үйлчилгээ хийж байх үед гарсан хохирол;
- Даатгуулагч нь эрх мэдлээ хэтрүүлсний улмаас учруулсан хохирол;
- Даатгагчийн өмгөөлөгчөөр үйлчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардал;
- Эмнэлгийн бус орчинд эмчилгээ үйлчилгээ үзүүлсний улмаас учруулсан хохирол;
- Гуравдагч этгээд /эмчлүүлэгч/ нь эмчилгээ үйлчилгээний горим, эмчийн заавар зөрчсөний улмаас учирсан хохирол;
- Эмнэлгийн чанаргүй, баталгаагүй, хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөлгүй, хугацаа хэтэрсэн, стандартын зохих шаардлага хангаагүй эм тариа, бүх төрлийн багаж, тоног төхөөрөмж, материалыг хэрэглэсний улмаас учирсан хохирол;
- Техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын горимыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
- Ашиглалтын хугацаа дууссан эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашигласны улмаас учирсан хохирол;
- Мэргэжлийн зэрэг ахиулах шалгалт өгөх, дадлага, туршилт хийх зорилгоор хийсэн эмчилгээ, үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;
- Үйлчлүүлэгч болон түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалагчийн зүгээс гомдолгүй гэж баталгаа гаргасны үндсэн дээр хийгдсэн эмчилгээ үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;
- Хорт хавдрын IV үе шат, ДОХ зэрэг эдгэршгүй өвчнийг эмчилснээс үүдэн гарсан хохирол;
- Эмчлүүлэгчийн өөрийн авч ирсэн, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэхийг хүссэн эм тариа, эмчилгээний бусад материалыг эмчилгээнд хэрэглэснээс үүдэн гарсан хохирол;
- Даатгуулагчид эрх бүхий байгууллагаас өгсөн эмчлэх эрхийн бичигт зааснаас бусад төрлийн эмчилгээ хийснээс үүссэн хохирол;
- Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;
- Хууль тогтоомж болон даатгалын нөхцөлд заасан бусад тохиолдол